Тайзаа санасан О.Энхтуул инээдмийн киногоор эргэн ирлээ
201610/enhtul.jpg

1990-ээд оны тайзны сахиуснуудын нэг О.Энхтуул жүжигчин Г.Ундармаагийн найруулж буй “Амьдралоги” кинонд тоглох урилга аваад Герман улсаас хүрэлцэн ирээд буцжээ.

Харийн оронд аж төрж буй ч авьяаслаг жүжигчин бүсгүйд кинонд тоглох урилга бишгүй нэг ирдэг байв. Тэр дундаас Г.Ундармаагийн киног сонгосон шалтгаан нь инээдмийн төрөлд өөрийгөө сорьж үзмээр санагдаж саналыг даруй догдлон хүлээн авсан гэнэ.

Герман явахаасаа өмнө Дооёогийн “Дурласны маргааш” инээдмийн кинонд тоглосныг эс тооцвол энэ төрлийн кинонд тэр бүр тоглож байгаагүй. Харин тайзны хошин шогт хүч үзэж байсныг нь үзэгчид мэднэ.

Тэрээр "Амьдралоги" кинонд хүчирхэг эмэгтэйн дүрд тоглосон аж.

Харин бодит амьдрал дээр тэрээр гэр бүлийнхээ хажуугаар ажил төрлөө ч амжуулсаар ирсэн хүчирхэг эмэгтэй гэж өөрийгөө тодорхойлжээ. О.Энхтуул нөхөртэйгөө 23 жил хамт амьдарч, гурван хүүхэд төрүүлж, өсгөжээ. Тэгэхээр энэ тодотголд эрхгүй нийцнэ гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Тэрээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Санаагаар болдог бол дахиад кинонд тогломоор л байна. Гэтэл гэр бүл, үр хүүхдүүдээсээ хол байх хэцүү. Энэ кинонд тоглосноор уран бүтээлчидтэй холбоо харилцаагаа сэргээж буй нь л надад чухал. Кино, жүжигт тоглуулах санал ч ирлээ. Тэгэхээр дахиад хэсэг хугацааны дараа өөр дүрээр үзэгчидтэй уулзах байх” хэмээсэн байна.

Монголынхоо тайзан дээр гаралгүй найман жилийн нүүр үзээд буй О.Энхтуул заримдаа “Хэрэв би эндээ байсан бол кино, жүжигт тоглоод л гүйж яваа. Тоглосон бүтээлийн жагсаалт чамгүй урт болох байсан даа” гэж харамсдаг гэнэ.

Германд хүүхдийн болон нэг хүний жүжиг найруулж, өөрөө дүр бүтээж буй жүжигчин бүсгүй тэндхийн монгол хүүхдүүдэд театрын дугуйлан хичээллүүлж, багшилж байгаа аж.

Алдар нэртэй бүхэн шүүмжлэлийн хажуугаар өнгөрөх ёсон үгүй. Харин жүжигчин эмэгтэй хүн юм хэлж байхад сонсоод л өнгөрдөг. Авахыгаа авч, хаяхыг нь хаяна. Зарим үед “Миний дотор орж үзээгүй, яг над шиг нөхцөл байдалд ороогүй байж юугаа мэдэж шүүмжилж байгаа юм бол” гэж дотроо өөрийгөө өмөөрдөг гэнэ.

Тэрээр Монголд байхдаа гэрийн үйлчлэгчээр бүхнээ хийлгэчихээд л өглөө гараад, шөнө харьдаг байж. Гэтэл тэнд очоод айл гэрийн сайн эзэгтэй байхыг эрмэлзэх болсон байна.

Авьяасыг тань хүүхдүүд нь өвлөх талаарх асуултад тэрээр: “Манай хүүхдүүд жүжигчин болохгүй байх. Уг нь манай дунд охин их царайлаг, бас авьяастай. Жүжигчин болчихмоор харагддаг юм. Гэхдээ өөрөө сонирхдоггүй. Сонирхож дурлахгүй бол хүнийг урлагт хүчээр оруулж хэрэггүй” хэмээн хариулжээ.

Сүүлийн үед зарим хэвлэлээр түүний охиныг рэппер Mrs.M гэх мэдээлэл ч тархаад буй. Хэрвээ үнэн бол ээжийнхээ каррьерийг жүжигчний замналаар бус хип хоп чиглэлээр үргэлжлүүлээд байгаа аж. 

 О.Энхтуул өөрийнхөө насны буюу 50 орчим насны эмэгтэйн хайр сэтгэл, туулж өнгөрүүлсэн амьдралын тухай өгүүлэх кино хийж үзэх хүсэлтэй гэнэ.

Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn

 

Mrs.M
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Enhtuuldaa amjilt husii, Mundag emegtei shuu,
2016-10-20 10:19:32
Шинэ мэдээ