Эх орноо бүхнээс илүү хайрлах талын СААРАЛ ЧОНО
201705/12963430_1523372751305967_1414571798716620405_n.jpg

Очирбатын Дашбалбар /1957-1999/ 

Монголын тэнгэрт зуурхан харваад өнгөрсөн ч тодоос тод гялалзан үлдсэн нэгэн их хүмүүний намтар, уран бүтээл, амьдралыг өгүүлэхээр бэлтгэлээ. Аливаа үндэстэн эх хэл, соёлоо гаргууд сайн мэддэг, үр удамдаа уламжилж үлдээдэг байх нь өнө удаан оршин тогтнох үндэс болдог хэмээдэг. Монгол хэлний гайхамшиг, монгол хүний билиг, оюун ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол цусны суут эздийн нэг нь Очирбатын Дашбалбар юм.


Эх орноо бүхнээс илүү хайрлах талын саарал чоно

“...Бороотой үдшээр тулганд ноцсон түлээний чимээ-эх хэл минь

Ороо салхинд тачигнах тугны чимээ-эх хэл минь

Оддын туяатай, галын амьсгалтай-эх хэл минь” хэмээн эх хэлээ магтан нэгэнтээ үзэглэн үлдээсэн эл хүмүүнийг яруу найрагч, нийтлэлч, эх оронч, шашин, төр нийгмийн зүтгэлтэн байснаар нь Монголын ард түмэн сайн мэдэх билээ. Миний хувьд эх орноо гэсэн чин сэтгэлтэй Монголын минь сор хөвгүүдийн нэг байснаар нь, одоо ч оршсоор буйг уншигчдадаа мэдрүүлэхийг зорилоо. Учир нь тэр 19-хөн насандаа,

“Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан,

Үр ачдаа хүлээлгэж өгнө.

Туг, Сүлд, Тусгаар тогтнол, Тулгын гурван чулуу,

Тулсан голомтоо

Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан,

Үр ачдаа хүлээлгэж өгнө

Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь

Өвс ногооных, шорооных нь ширхэг бүхэнтэй

Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь

Хөвсгөл Увс Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь

Хөөцөлдөн наадах долгисыг нь хүртэл

Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан,

Үр ачдаа хүлээлгэж өгнө” гэсэн гайхамшигт шүлгээ бичжээ.

Тэрээр яагаад эх орон, эх хэлээ магтан бичих болсон тухайгаа, “Би чухам хүний сэтгэл зүрхнийх нь гүнд хадаастай байдаг, тун үгүйдээ өчүүхэн ч болов байдаг тэр зүйлийг олж, насан туршдаа магтан дуулахаар шийдсэн. Энэ бол эх орон, эх нутаг, эх хэл соёлоо хайрлах хайр юм. Хүн бүхэн эрэл хайгуул хийж, өөрийхөө үнэн, өөртөө хэрэгтэй бүхний төлөө амьдардаг бол би энэ зүйлсийн төлөө бүхий л амьдралаа зориулна”гэжээ.

Тиймээ, тэрээр зориулж чадсан. Мөн монгол хүн бүрийн сэтгэлийн толь, амьдралын утга учрыг эгэлгүй ухаанаар харуулсан “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ” хэмээх алдарт шүлгээ цэл залуухан 23 насандаа бичжээ.Өдгөө энэ шүлэг албан газар, эмнэлэг, сургууль гээд бүх л газрын хананд  өлгөөстэй байх ажээ.

Шүлэг бичих болсон түүх нь,1980 онд тэрээр  Москва хотод М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд сурч байхдаа бурхны шашин, христосын шашин хоёрыг харьцуулж их уншдаг байжээ. Нэг удаа Библи уншиж суухдаа тэрхүү шүлэг бичих санаа төрсөн гэдэг. Үүнээс харахад бага залуу байхаасаа хүний амьдралын мөн чанар, хүн хүнээрээ байх ухаан, газар шороо, эх нутаг гэгч хүнд хичнээн үнэтэй болохыг ойлгож,ухаарсандаа түүнийгээ үр хойчдоо шүлэг, нийтлэлээрээ дамжуулан, сургамжлан үлдээхийг зорьжээ. Түүнд эх орон, газар шороогоо магтан дуулсан олон сайхан  шүлэг бий.

Ард түмний амьдрал,улс төр, эдийн засгийн хувь заяа хүнд байдалд орсон 1996 онд МУНН-аас төрийн түшээгээр сонгогдон ажиллахдаа ямагт үнэний дуу хоолой байж, тэр үеийн улс төрийн булхайг хэнээс ч айлгүй зоригтойгоор хэлдэг байжээ. Улс орны хөгжил гэдэг төр ямар замаар явахаас ямагт хамаардаг учир үүнд ихэд санаа нь зовнидог байсан нь 1999 оны 10 сард намрын чуулган дээр хэлсэн үгнээс нь харж болох юм. Тэрээр хэлсэн үгэндээ, “Хүн төрөлхтний хүчирхэг хөгжлийн жишээ болсон 20-р зууны хамгийн сүүлчийн хэсэгт тэнгэрээс заяат Монголын ард түмэн өмч хөрөнгө, эрх мэдлээ цөөн хэдхэн этгээдийн гарт алдсанаар төр, төрийнхөө үүргийг гүйцэтгэх чадвараа алдаж, төр засаг, ард түмнээ, үндэсний эрх ашгаа ч хамгаалж чадахгүй өрөвдөлтэй байдалтай ажиллах боллоо” хэмээн тухайн үеийн төр засгийг хатуухан шүүмжилж байжээ.


Тиймээс О.Дашбалбар нь сайн яруу найрагч төдийгүй сайн илтгэгч, сайн улс төрч байжээ. Монгол төрийн түшээдэд эл хүмүүний шударга зарчимч байдал, улс орноо гэсэн хувиршгүй сэтгэл нь нэгийг бодогдуулах бизээ. “Дэлхий болбоос нэг л гүрэн, хүн төрөлхтөн түүний иргэд” хэмээн Л.Түдэв нэгэн илтгэлдээ өгүүлсэн байдаг. Үүний нэгэн адилаар даяаршил эхэлсэн 21-р зуунд улс орныхоо хөгжил, дэвшлийн төлөө бие сэтгэлээ нэгтгэн түүх соёл, зан заншил, газар шороогоо хэвээр нь авч үлдэхэд монгол хүний ухаан юунаас ч илүү эрхэм, үнэ цэнэтэй билээ. Тиймээс л тэрээр улс төрийн хувьд тогтворгүй байсан 1990-ээд оны дундуур 281 хэмээх бүлгэм байгуулж байжээ. Тус бүлгэмд О.Дашбалбараас гадна зохиолч З.Дорж,  Б.Догмид, Хөдөлмөрийн баатар Ч.Аварзэд, Д.Минжүүр, генерал Ш.Цэенрэгзэн, цагдаагийн дэд хурандаа Ш. Ваша, яруу найрагч,  Ш.Гүрбазар нар байжээ. Өвөг дээдэс минь мянга, мянган жил хилээ манаж ирсэн. Өнөөдөр ч үр ач нар нь манаж буй. Харин тэднийг дархан хилээ нүд цавчилгүй манаж байхад бид “хууль” нэртэй цаасан дээр хуудуутай хүмүүсийн балгаар “хилээ алдах” гэж байна. Хилчид хил зөрчигчийг илрүүлэх үүрэгтэй бол, хууль тогтоогч УИХ-ын гишүүд нь хуулийн цоорхойгоор “хил зөрчсөн” заалт оруулж болохгүй гэж О.Дашбалбар хэлж байжээ. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ, Монгол баян. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн ялагдахгүй вэ, Монгол ялагдахгүй” гэж төрийн соёрхолт, зохиолч Зундуйн Доржийн хэлсэн үг нь 281-ийн холбооны мөнхийн уриа байв. Тухайн үеийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилдэг, эсэргүүцдэг, үгээ хэлэхээс хэнээс ч, юунаас ч айдаггүй тэдний хийсэн зүйл, хэлсэн үг ард түмнийг сэрээж байжээ. Тэр үеийн талаар зохиолч З.Дорж,“Цогт эх оронч Очирбатын Дашбалбар зурагтаар ганц хашгирахад л Ялалтын талбай хүмүүсээр дүүрч, жагсаал эхэлж, үгээ хэлдэг байсан сан. Тусгаар тогтнолыг хамгаалах 281-ийн холбооны нэрийг тайлбарлавал, “2”гэдэг нь арга, билэг “8”гэдэг нь найман тахил, “1”гэдэг нь Монголын тусгаар тогтнол хэзээ ч хуваагдашгүй гэсэн бэлэгдэл” хэмээн нэгэнтээ дурсжээ. Мөн О.Дашбалбарын газар шороогоо өмөөрч, хамгаалсан нийтлэлүүд тухайн үеийн Хөх тэнгэр сонинд удаа дараа хэвлэгдэж байсан билээ.


Өндрөөс өндөрт дүүлэх талын бүргэд

Наран мандах нутгийн унаган хүү 1957 оны хоёрдугаар сарын 10-нд  Сүхбаатар аймгийн Наран суманд Очирбатын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр дороо найман дүүтэй. Хүүхэд насны гэгээн дурсамж бүхэн нь Наран сумын уул, толгод, ширхэг шороо бүхэнд хадгалагдан үлдсэн. 12 настай байхаднь гэрээрээ Дарьганга суманд нүүж иржээ. Тэрээр өсөж төрсөн нутгаа “миний бага эх орон” хэмээн нэрийддэг. Түүний аав Очирбат, ээж Цэрмаа нь мал малладаг, олон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл байжээ. Тэрээр айлын том хүү учраас дүү нартай ихийг зааж, зөвлөдөг байсан гэдэг. Мөн түүнийг хүүхэд ахуйдаа их зөнч байсан гэж ярьцгаадаг. Нутгийн нэгэн номтой хүнд шавь орж, төвд ном заалгаж ч байсан аж.

О.Дашбалбар 1972 онд Дарьганга сумандаа наймдугаар ангиа дүүргээд, 1974 онд тухайн үеийхээр ЗХУ-ын Омск хотод ХАА-н ТМС-д суралцаж,  1984 онд Москва хотын Утга зохиолын дээд сургуульд суралцсан байна. Төгсөж ирээд МЗЭ-ийн хорооны гадаад харилцааны хэлтэст орчуулагч-редактороор ажилласан гэдэг.

Түүний амьдралын гол зорилго нь уран зохиол ч биш, ямар нэгэн зүйл бүтээх үйлс ч биш зөвхөн л “Монгол улс газрын хөрсөн дээр улс шиг улс байгаасай, ямар ч улс оронд эх орон, ард түмэн  минь битгий дээрэлхүүлээсэй гэж боддог. Миний эх орон хэзээ нэгэн өдөр дэлхийн ямар ч улсад дарлуулахгүй болчихсон байхад мань мэтийн хүмүүс нь газрын хөрсөн дээр үүрд мартагдсан ч хамаагүй ээ” гэсэн үгээр нь тодорхойлогддог.

О.Дашбалбарын гэрээс хүний хөл тасрана гэж үгүй. Үеийн яруу найрагч нар буюу Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, Д.Цогт, Б.Сундуй, Я.Баатар, Ш.Гүр­базар, Л.Мягмарсүрэн, Ж.Саруул­буян, Ж.Оюунцэцэг, Ц.Ойдов, Ү.Хүрэлбаатар гээд бүгд цуглацгааж шүлэг, найраг хэлэлцэж, найрагчийн яриаг чагнаж, түүний цэнхэр гитараа барин дуулахыг чагнах мөн ч дуртай байсан гэдэг. Мөн түүний шавь нар болох Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга, Ц.Хулан, Т.Содномнамжил, П.Батхуяг гээд байнга л шавж байдаг хэдэн залуустай байжээ. Түүнийшавь, утга зохиол, шүүмж судлаач, яруу найрагч П.Батхуяг хожмоо багшаа дурсаж бичсэн нэгэн нийтлэлдээ “Одоо санахад олон жилийн өмнө шиг бодогдоно. Алгебрийн дэвтрийн ард бичсэн хэдэн шүлэгтэй аравдугаар ангийн хүүхэд байлаа. Харин “Гэрэлт хайр” гэдэг шүлгийн номыг бичсэн хvнтэй уулзвал ганц л зүйлийг асууна гэж боддог сон. Ямар янзтай зогсож байгаад, ямар дуу хоолойгоор асуухаа төлөвлөж толины өмнө нэлээд сургуулилсан удаатай. Гэтэл намар оройхон модод навчсаараа уйлсан өдөр гудамжинд гэнэт тулгарчихлаа. Мэнд усгvй шахам өнөөх асуултаа асуув.
-Яавал яруу найрагч болох вэ?

-Яруу найрагч болдоггүй юм.
Харин төрдөг байхгүй юу даа, дүү минь... Сайн ойлгосонгүй, гэвч огт ойлгоогүй дүр үзүүлсэнгүй. Зэрэгцээд алхаж явахдаа надад юун тухай ярьсныг нь өчигдөрхөн болсон юм шиг л тод санаж байна.
-Хамаг модоо огтлоод, хамаг загасаа барьж дуусах цагт алтыг идэж болдоггүйг хүмүүс ойлгох болно гэж индианы нэг омгийн ахлагч хэлсэн юм гэнэ билээ. Яг түүнтэй адил ууланд ганц өвгөн бүргэд, талд ганц хөх чоно үлдэх цагт хүмүүс омог бардам байхын ухааныг ойлгож магадгүй. Язгуураасаа тэнгэрлиг төрсөн тэр амьтад хүмүүс биднээс илvv омог бардам амьдардаг санагдана. Тэгэхээр омог бардам байхын тулд бүргэд, чоно хоёроос ялимгvй суралцахад гэмгүй гэж хэлээд тэр яваад өгч билээ. Явахдаа яг л бүргэд шиг, эсвэл талд давхих чоно шиг харагдсан сан. Маргаашнаас нь би үсээ ургуулахаар шийдлээ. Бvтэн жил үсэндээ хайч хүргэсэнгүй. Яагаад ч юм бэ урт ургасан үс салхинд хийсэх нь надад бүргэдийн далавч шиг санагдаад хэмжээлшгүй сайхан, зүйрлэшгүй омог бардам болсон мэт бодогдоно. Тэгээд бүтэн жил өнөөх бүргэд, чоно хоёрын шавь-яруу найрагчтай уулзсангүй”

Түүний нэгэн шүлгэнд “ Ялагдаж өрөвдөлтэйяа амьдарсанд орвол

Ян хад мөргөж, өд сөдөө бутарган үхсэн минь дээр” гэсэн мөрүүд бий. Тэр хэзээ ч ялагдаж байгаагүй омог бардам талын бүргэд байлаа.Хүмүүс үхлийн талаар олон янзаар ярьж, бичдэг.  “Хамгийн арчаагүй хүн үхлийн өмнө өвдөг сөхөрдөг. Үхлээс айдаггүй хүн үхлийн тухай хамгийн сайн мэддэг. Үе үе үхлийн тухай бодож бай, амьдрал чинь утгатай болно” энэ бол түүний хэлсэн үг. Түүнд бүр “Үхэж буй хүнд баяр хүргэсэншүлэг” гэх нэртэй шүлэг бий. Харин өөрийгөө “Бурхны оронд хүн болдоггүй юм аа гэхэд, бодь гөрөөс ч болтугай болж төрвөл болоо” гэдэг байв . Үхлийн талаар зохиолч З.Дорж гуай, “Аугаа их хүн богинохон насалдаг гэж билэггүй үг эрин зуун дамжсанаас болж Данзанравжаа, Александр Пушкин, Михаил Лермонтов, Очирбатын Дашбалбар, Дашдоржийн Нацагдорж, Сергей Есенин нар шиг суут хүмүүс идэр залуудаа үхэж үрэгдээд байгаа юм биш байгаа даа. Эрхэм хүндэт зохиолчдоо үхлийн тухай битгий бичээч гэж Дундад Азийн их яруу найрагч Мирзо Тусун Заде тээр жил бичсэн байсан. Би бас үхэх хэдийбээр үнэн боловч үхлийн тухай битгий бичээч гэж хүсмээр байна. Хүн мартдаг, газар эгшдэг гэдэг үг байдаг. Гэвч манай ард түмэн Очирбатын Дашбалбарыг хэзээ ч мартаж чадахгүй байх” гэсэн байна. Тиймээ бид түүнийг хэзээ ч мартах учиргүй.  Түүний хамгийн анхны яруу найргийн ном болох “Оддын аялгуу” номын эхэнд,

“Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй

Сайхан эх орон минь

Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье

Санаагаараа жаргаж, гол усны тань ариун тунгалагт уусья”

хэмээн бичсэн нь түүнийг эх орныхоо эд эс бүрийг хайрладаг байждээ гэх бодол төрнө.

Тэрээр “хэсэгхэн газрыг биш орчлон ертөнцийг хайрлана, хэсэгхэн  хүмүүсийг биш хүн төрөлхтөнг бүхлээр нь хайрлана” гэж хэлсэн байдаг. Түүний энэ уужуу ухаан, хүнлэг сэтгэлээс залуу үе бид ихийг суралцах нь зүйтэй юм.  “Би гагцхүү сайн үйлсээр амьдрах гэж газар дэлхий дээр зочин нь биш эзэн нь болж төрсөн юм аа” гэж хэлсэн үгийг нь ч бодууштай. Түүний хэлсэн үг, бичсэн шүлэг, нийтэлсэн нийтлэл бүхэн нь зөвхөн эх орон, газар шороо, ард түмнийхээ төлөө байжээ. “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурхны мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” гэсэн түүний шүлгийн номууд одоо ховор номын тоонд орох болжээ. Мөн 2003 онд О.Дашбалбарын Шидэт ертөнц, Гунигт ертөнц, Хүн ертөнц, Монгол ертөнц, Бурхны ертөнц гэсэн таван боть номыг хэвлүүлсэн байдаг. Мөн тэрээр тэнгэрт халихыхаа өмнө “Оюун санааны яруу найраг” номыхоо гар бичмэлийг дуусгасан байжээ.


“Ааваар минь хайрлуулж байсан бүсгүй болгонд баяр хүргэе”

Хүний амьдрал гэдэг эрээнтэй бараантай. О.Дашбалбарын амьдралыг сайн, муугаар ярьдаг, бичдэг. Гэвч тэрээр “Доромжлуулах тусам улам өнгө орно, Долоон бурхан од шиг гялалзана” гэдэг байлаа. Хорвоо түүнд өөрийг нь үнэнчээр хайрлах гурван бүсгүй заяажээ. Ер нь тэр хайр дурлал, охидыг ч магтан дуулдаг байсан. Тиймдээ ч тэрээр хиргүй ариун сэтгэлээр тэднийг хайрладаг байжээ. Энэ бол сэтгүүлч миний үзэл бодол биш юм. Аавыхаа энэхүү амьдралын талаар түүний том охин сэтгүүлч Д.Мөнгөндалай “Аавын минь хайрласан энхрий ялдам бүсгүйчүүд” гэсэн нэгэн нийтлэл бичжээ. Тэрээр нийтлэлдээ, “Аавыгаа бүсгүй хүнийг тийм гэгээн сайхнаар хайрлаж байсныг бодохоор бахархах, хайрлах, уучлах сэтгэл бий болжээ. Омар Хайямын нэг шүлгэнд аав минь хачин дуртай байж билээ.

“Дуулим энэ хорвоод бид цөмөөрөө оршдогоос хойш дурлал, дарс хоёргүй насыг элээвэл нүгэлтэй, Мөнгөн сартай орчлонд бид цөмөөрөө оршдогоос хойш мөнхрөх эсэхтэй эргэлздэг нь илүү ажил гэлтэй” гэсэн мөрүүдийг дахин дахин уншдаг сан. Хорвоод хүн болж ирчихээд дурлаж, хайрлахгүй насыг элээвэл хичнээн гунигтай. Үнэндээ аав хэдэн бүсгүйд дурлаж, хичнээн бүсгүйтэй учирч явсныг би тэр бүр мэдэхгүй. Насан туршдаа ээжээс минь гадна хоёр бүсгүйг эр нөхөр шиг нь хайрлаж байсныг бол мэддэг юм. Хачирхалтай нь аав үүнийгээ огт нуудаггүй байсан бөгөөд бидэнтэй ч хайр дурлалын талаар илэн далангүй ярьдаг байсан. Хэн нэгнийг зүрх сэтгэлээсээ хайрлах хичнээн сайхан зүйл болохыг хэн хүнгүй мэднэ. Ямар ч байсан аав минь адгуусан тачаалаар бүсгүйчүүдийг эргүүлж, элдэв уран үгээр урхиддаггүй байсан гэдгийг хэлж чадна. Эр хүн гэдэг цэцэг бүрийн тоосыг хүртдэг зөгий байх албагүй шүү дээ. Харин зөгий нисч хүрэхээргүй ургасан цэцгийг олж хайрлаад тасдаж хаядаггүй бүргэд байх өөр. Би аавыгаа тийм л эр хүн гэж боддог. Тийм л өндөрт ургасан цэцгийг хайрлах гэж төрсөн эр хүн. Тийм ч учраас ааваар минь хайрлуулж байсан бүсгүй болгонд баяр хүргэх гэсэн юм. Аавын минь хайрласан бүсгүйчүүд бүгд Дарьганга бүсгүйчүүд байсан. Дарьганга бүсгүйчүүд маш халамжтай, бас эр хүнийг хүндэлж, бишрэх агуу ухаантай байдаг. Тиймдээ ч яруу найрагчийн зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан биз ээ. Аав минь 42-хон насандаа тэнгэрт таашаагдаад явсан болохоор ээжийгээ өрөвдөөд дүү , бид хоёр нэг удаа “ээж минь сайн хүн таарвал амьдарч суухыг бид нар зөвшөөрнө шүү” хэмээн ихэд халган байж хэлсэн юмдаг. Ээж тэгэхэд өөрийн эрхгүй уйлж, том нүднээсээ нулимс асгаруулан “Миний амьдралд ааваас чинь өөр эр хүн хэзээ ч байгаагүй. Цаашид ч байхгүй. Дахиж ийм ийм зүйл надад битгий хэлээрэй” гэж билээ. Энэ бүсгүй бол түүний багын хайрт Н.Борхүүхэн. Найрагч түүнд Амура хэмээх нэр хайрлаж, олон сайхан шүлгийг түүнд зориулан бичжээ. Эл бүсгүйн амьдралд О.Дашбалбараас өөр эр хүн байгаагүй ч, эр нөхрөө өөрөөс нь өөр бүсгүйг хайрлахыг зөвшөөрч, ойлгож чадсанаараа найрагчийн зүрх сэтгэлд хүндтэй байр суурь эзэлдэг байсан бизээ. Тэрээр их найрагчидД.Мөнгөндалай,  Д.Гангабаатар, Д.Дэжидмаа гэх удам залгах гурван үрийг нь төрүүлж өгсөн гэдэг.


Түүнчлэн О.Дашбалбарын зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан нэгэн азтай бүсгүй бий. Түүнийг Д.Халтар буюу найрагчийн нэрийдсэнээр Анима гэдэг. “Шанзны эгшиг”, “Лимбийн эгшиг” гээд гайхалтай шүлгүүдийх нь эзэн болсон энэ бүсгүй урд нь өөр амьдрал зохиож байсан хэдий ч гагцхүү найрагчид л үнэнч хэвээр өдийг хүрчээ. Д.Мөнгөндалайн бичсэнээр “ Бүсгүй хүнийг ялдамхан, бас тэгээд үнэнч байхыг аав минь эрхэмлэдэг байв. Би арван настай байлаа. Тэр нэгэн өдөр аав минь надтай ихэд дотночлон ярилцаж, өөрийгөө жаахан охиндоо ойлгуулах гэж тайлбарлаж байсныг санаж байна. "Миний охин бас нэг дүүтэй боллоо" гэж хэлж байсан үг одоо ч тодоос тод. Бяцхан охиндоо гэм хийсэн мэт санаашран байж хэлсэн тэр үг магадгүй аавыгаа ойлгох ухааныг надад өгсөн байж болох юм. Ямар ч байсан тэр үед аав минь Төмөр замд байх нэг айл руу миний ухаан санаанд минь төсөөлөөгүй байсан нялх охинтой уулзуулах гэж авч явсныг санадаг. Тэр бол Анимаагаас төрсөн аавын охин бөгөөд бидний дүү байсан юм. Тэр айлын хаалгыг тогштол нэг их тунгалаг, гоё нүдтэй эгч угтаж авлаа. Тэрээр дайлах, цайлах эрдэмтэй бүсгүй шиг санагддаг юм.” Д.Мөнгөндалайн дурдсан тэр бяцхан охиныг Д.Индра гэдэг. Аавтайгаа дэндүү гэмээр адилхан энэ бүсгүй өдгөө аавыхаа үйл хэргийг залгамжлан авч яваа.

“Үйлс залгах үгүй юм бол үр хүүхдээр ч яах юм
Үнэн, худлыг ялгахгүй юм бол багш ламаар ч яах юм” хэмээн О.Дашбалбар найрагч нэгэн шүлгэндээ бичсэн байдаг. Тийнхүү бичсэнчлэн түүний удмыг залгаж төрсөн үр хүүхдүүд нь нэртэй төртэй, боловсролтой, их хүмүүний үйл хэргийг залгамжлан, уран бүтээлийг нь мөнхжүүлэх, ард түмэнд хүргэх их үйлсийг хийсээр яваа билээ. Харин түүний хайрлаж байсан удаах бүсгүйг Оюунханд гэдэг. Найрагчийн шүлгэнд Хонгорзул хэмээх нэрээр үлдсэн эл бүсгүй хожмоо найрагч болоод өөрийн тухай өгүүлсэн “Гэрэлт хайрын дурсамж” хэмээх номоо хэвлүүлж байжээ. Хэдийгээр тэд хүүхэдгүй ч найрагчийн насан туршдаа хайрласан гурван бүсгүйн нэг байжээ.

1999 он. О.Дашбалбар гуравдугаар эмнэлэгийн орон дээр амьдралыхаа хамгийн сүүлчийн мөчүүдийг өнгөрүүлсээр 10 дугаар сарын 22-нд бурхны орноо заларснаар Монгол улс, ертөнцөд ховорхон тохиох нэгэн их хүмүүнээ алдсан юм. Түүнд бурхнаас өгсөн амьдрал хэдий богинохон байсан ч, амьд ахуйдаа хийж бүтээсэн үйлс, шүлэг найраг бүхэн нь зуун зууныг дамжин, Монгол хүн бүрийн  зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх биз ээ. Амьддаа бие биенээ хайрлая.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Очирбатын Дашбалбар бол Эх орон газар нутаг баялгаа мөнгөөр худалдаагүй Ардчилын үеийн ганц шудраг эх орон ч Газар нутаг тусгайр тогтонолынхоо төлөө тэмцэж яваад Өнөөгийн МАНАН бүлэглэл гадаадын гар хөл болоч нарын гарт амь насаа алдасан Цогот эх оронч
2017-05-08 21:02:24
Бас нэг дорнын хүн нохой хуцах, элээ янцгаах нь нэгэн мөн чанар гэж хэлсэн нь хаяа санагддаг...
2017-05-08 22:43:12
Мянга мянган жил ерхөг халиурсан тал бидний эх орон ... Бид тэнгэрийн хүү газрын шим ...
2017-05-09 00:01:26
mundag aguu hun shuu
2017-05-09 17:32:34
ийм найрагч ганц л төрдөг. түүнээр монгол дутнам
2017-05-09 17:55:46
bid iim aguu humuusee aldsan bas duugui bisan ...
2017-05-09 23:33:17
оюуханд 33-р сургуульд сургалтын менежерээр олон жил ажилласан санагдах юм балбар жинхэнэ гал цогтой эх оронч мөнөөсөө мөн болой
2017-05-10 00:04:05
nad shig hun hezee ch nohroo oor huntei hamt davhar amidrahiig zovshoorohgui. tegsen dor bur salaad esvel uhsen mini deer baih. zarim emegteichuud asar ih tevcheertei, amgalan baih yum daa. bi ooroo ih unench hun bolood ch teruu, nadaas hun urvahiig ih hundeer huleej avdag. minii yum bol zovhon miniih
2017-05-10 10:46:25
Шинэ мэдээ