Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг угтсан шагналын хур буусаар байна.
Тухайлбал, энэ өдөр “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ. Мөн Камертон, Freezone хамтлагийг үндэслэгч, “Титэм” хамтлагийн ахлагч Л.Тайванбат удтал хүлээсний эцэст МУСТА боллоо. Заримд нь СУИС төгсөөд олддог энэ шагнал Л.Тайванбатад 46 насанд нь иржээ.
Мөн “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Харанга” хамтлагийн ахлагч Я.Одсүрэн, МАСК продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан нар Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна. “МАСК” продакшны хувьд энэ жилийн наадмыг тун өнгөтэй эхлүүлж буй билээ. Учир нь өчигдөр тус хамтлагийн ахлагч П.Эрдэнэзаан МУГЖ цол тэмдгээр шагнагдаж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгсөн билээ.
Энэ жил “Наянбулаг” тоглолтоо хийж, “Хийморь” цомгоо фэнүүддээ барьсан дуучин Т.Дэлгэрмөрөн “Алтангадас” одон хүртсэн сэтгэгдлээ өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа.Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг минь үнэлсэнд миний бие туйлын их баяртай байна. Уран бүтээлийн үнэнч сонсогч дэмжигч бас шүүмжлэгч ард түмэндээ талархаж байна. Хүндтэй шагналыг нэр төртэй авч явж үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу дуугаараа мялаах болно.
Аялгуу дуу намайг уяхан болгодог
Уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог мэдрэх хамгийн сайхан
Алтангадас одонгоороо наадмаараа би гоёно.
Миний монголын ард түмэн дэлхийд ганц Монгол наадмаараа дэлгэр сайхан наадаарай" хэмээсэн байна. Монгол түмэн минь сайхан наадаарай.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл бичих | |
|