Могойны цавчигдсан толгой хүний аминд халджээ
201808/ogromnaya_zmeya_vo_dvore__uzhas.jpg

Тахианы толгойг цавчсан тохиолдолд цус алдаж үхэх хүртлээ хэдэн минут хөдөлсөөр байдаг. Үүнийг ихэнх хүмүүс мэддэг учраас төдийлөн гайхаад байдаггүй.

Харин зөвхөн тахиа л ийм чадвартай байдаг биш болохыг техасын нэгэн фермер өөрийн биеэр мэдэрчээ. Хоржигнуурт хорт могойны таслагдсан толгой түүн рүү дайран, золтой л амийг нь аваад явчихсангүй. Энэ тухай The New York Times мэдээлсэн байна.

40 настай Жереми Сатклифф эхнэр Женниферийн хамтаар цэцэрлэг дотроо ажиллаж байсан аж. Гэнэт эхнэр нь чангаар хашгирах сонсогдонгуут хадуураа хаяад түүн рүү гүйн очжээ. Өвсөн дотор хярсан нэг метр хэрийн урт хоржигнуурт хорт могой эхнэрийг нь айлгасан байж.

Сатклифф тэр дор нь хүрз шүүрч аваад ганц огцом цавчилтаар могойн толгойг тасдаад хаячихав. Ингээд 10-аад минутын дараа могойн цогцсыг зайлуулах санаатай цавчигдсан толгойг авахаар тонгойтол нөгөөх нь гэнэт ухасхийн түүний гарт хортой соёогоо шигтгээд амжжээ.

Техасын хоржигнуурт могой харьцангуй дөлгөөн тайван ааштай бөгөөд хүмүүс түүнийг оролдоогүй тохиолдолд хүн рүү дайрдаггүй гэнэ. Гэвч түүний хор маш аюултай бөгөөд хүн амьтныг үхэлд хүргэх явдал түгээмэл байдаг аж.

Сатклифф ноцолдож байж хагас минутын дараа л могойн толгойг гарнаасаа салгаж чадсан бөгөөд эхнэр нь түүнийг машинд суулган эмнэлэг рүү яаравчлан давхижээ. Түүнд цаг алдалгүй тусламж үзүүлсний хүчинд арайхийн амийг нь аварсан байна.  

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Яг толгой хэсэг ч биш, биенээс нь багагүй хэсэг орчихсон толгой байж л дээ. Өөрөөр хэлбэл биенээсээ ихэнхийг нь тасдуулаад мөлхөж чадахаа байсан могой байсан байх :)
2018-08-09 07:26:15
Могой гурав тасравч гүрвэлийн дайтай Монгол гурав тасравч гүрний дайтай гэж
2018-08-09 08:27:59
Могойн ы толгой хазах рефлексээ хадгалсаар байдаг учир үхээд хэдэн цагийн дараа ч хазаж хордуулах чадвартай.
2018-08-09 11:23:07
Шинэ мэдээ