Үзмэрч, засалч Л.Нямаа: Лус, савдагууд юу хийх ёстойг минь хэлээд өгдөг
201810/nym-820x394.jpg

  Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм. Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг. Тиймээс энэхүү зан үйл нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон бидний мэдэхгүй өөр ертөнцийн тусламжаар хэрхэн сайхан амьдарч, эсвэл унаж доройтдог зэрэг энгийн хүн тайлбарлах боломжгүй сэдвээр цуврал ярилцлага хүргэхээр бэлтгээд байна. Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг болох  Үзмэрч Засалч Л.Нямаатай ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Нямаа гэдэг. Бага байхаасаа л гандан хийдээр их явдаг хүүхэд байсан. Сав л хийвэл гандан хийдэд очоод залбирч мөргөөд суудаг. Хорооллын ганданд очоод лам нарын лүүжин тавих, ном хурахыг харж суудаг байлаа. Удалгүй 1997 онд манай гэр бүл Герман руу нүүгээд бага насаа гадаадад өнгөрүүлсэн. Харин монголдоо эргэж ирснээсээ хойш өөрийнхөө зөн совинг мэдэрч өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд, өөртөө заяасан энэ чадвараа олон хүнд хүргэх юмсан гэсэн үүднээс намайг зорьж ирсэн хүн бүхэнд туслахыг хичээж явдаг.

-Таны удамд шашны хүн байсан уу? Энэ чадварыг ихэвчлэн удмаасаа өвлөж авдаг гэж ойлгодог?

-Манай аав, ээжийн талийнхан хоёулаа жирийн хүмүүс байгаагүй гэдэг. Өвөг дээдсүүд маань эрдэм билэгтэй хүмүүс байсан гэж сонссон. Аав маань амьд сэрүүн байхдаа зоос татдаг байсан. Харин ээжийн талынхыг хатан удамтай гэж нутгийнхан ярилцдаг юм билээ.

Германд байхдаа энэ талаар сайн мэддэггүй, бас сонирхдоггүй байсан. Монголдоо ирснээсээ хойш хүн үзэж эхлээд л энэ шашны зүйлсийг илүүтэй сонирхож, өвөг дээдсээ ямар хүмүүс байсныг судалж эхэлсэн.

-Анх хэрхэн хүмүүсийг үзэж эхэлсэн бэ? Танд багш бий юу?

-Шашны зүйлсэд багийн л хоббитой байсан болоод ч тэр үү өөрийгөө жирийн биш гэдгийг мэдээд ерөөсөө гайхаагүй. Бага байхаас л өвгөд хөгшид “адтай шулам” гэдэг байсан.

Ингээд л найз нөхөдтэйгөө уулзахдаа харж мэдэрсэн зүйлээ хэлж өгдөг болсон. Найзуудынхаа найзаас эхлээд над дээр ирсэн хүмүүсийг үзэж өөрийнхөө чадварыг дээшлүүлэхийг хичээдэг байлаа.

Сүүлдээ олон хүн үзэж хараад ирэхээр өөртөө хамгаалалт хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн. Хүний муу юмыг үзэж хардаг учраас үзмэрч засалч хүмүүст зайлшгүй хамгаалалт байх ёстойг мэдээд  бөө болон лам нарыг судалж, хамгийн чадвартай, мундаг бөө лам нартай очиж уулзаж байсан ч миний сэтгэлд багштай болно гэж буугаагүй.

-Анх хэрхэн сахиусаа авч байсан тухайгаа сонирхуулбал?

-Миний анх боссон газар бол төв аймаг. Төв аймагт хээр очиж сахиусаа авч байлаа. Түүнээс хойш Сонгинохайрхан, Богд уул хоёртоо залбирч, мөргөж онгодоо буулгаж ирсэн. Анх сахиусаа авчихаад л түшээтэйгээ хоёулаа өвөл 12-р сарын ид хүйтэнд хээр очиж бөөлөөд суудаг байлаа. Сахиусаа авснаас гуравхан сарын дотор маш их хүчтэй болж ирсэн. Энэ маань ч өөрт мэдэгдэж эхэлсэн учраас улам илүү хүчтэй, мундаг болъё гээд амьдрал ахуйгаа золиослон байж зүтгэсэн. Тэр үед миний хажууд байсан хүмүүс надад маш их тусалсан.

Өдөрт хорин нэгэн удаа буулт хийдэг байлаа. Зулын тос байхгүй үе ч байлаа. Сахиуснаасаа гуйгаад ургамалын тосоор хүртэл зулаа барьдаг байсан. Идээ будаагүй үед талхыг хугалаад идээ болгон залж байлаа. Хүн өнөөдөр хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээ зориулахад л бүх юм бүтдэг.

Сахиусаа хүчтэй болгохын тулд улаач хүн маш хариуцлагатай чин зорилготой байх хэрэгтэй. Өөрийн онгодыг гайхамшиг болгохын тулд энэ дөрвөн улиралд амь биеэ зориулах ёстой юм шүү дээ. Сахиусыг авч явах хүн зовлон бэрхшээл бүхнийг өөрийнхөө бие дээр туулж мэдэрч байж бусдын зовлонг ойлгодог. Надад хөлгүй, хэлгүй болж байсан үе бий. Энэ зовлонг заавал амсаж үзэх ёстой байсан юм билээ.

Гэтэл өнөөдөр зарим хүмүүс би бөө болчихсон гээд дээрэлхүү, онгироо байх юм. Бөөгийн онгодыг авсан бол өөрийнхөө бие сэтгэлийг золиосонд гаргаж байгаа хэрэг. Золиос гаргаж байж бид өнөөдөр доод тивд амьдарч байгаа олон хүний зовлонг нимгэлж тус үйлдэж явдаг. Тэгж байж л “за одоо би дөхөж байна даа, болж байна даа” гэж бодох ёстой. Бөө хүн өнөөдөр би чаддаг гээд юм бүхэнд оодроод байх хэрэггүй, цаашдаа сурах юм маш их байдаг юм. Үхэн үхтлээ сурах ёстой.

-Та ямар ч багшгүйгээр өөрөө хүч чадлаа олж авсан гэлээ. Бөө нарыг заавал багштай байх ёстой гэж хүмүүс боддог?

-Тиймээ орчин үед ихэнхи бөө нар шавьтай болсон. Маш олон мундаг бөө нар байдаг. Гэхдээ олон шавь босгох нь миний хувьд хүнд хэцүү санагддаг. Харин хүн өнөөдөр хүч чадлаа  авья гэж бодож байгаа бол улаач хүн газар ус хангай дэлхий лус савдаг, мөргөлийн хүчээр, сүсэг бишрэлээр хөх тэнгэртэйгээ харилцаж тэрхүү онгодоо авч хүчтэй болж болдог. Үүнийг би өөрөө мэдэрсэн.

Ургамал амьтан болон мод усны эзэн бол бүгд амьд амьтан шүү дээ. Анх эдгээрийг хэрхэн аргадаж сурах тухай боддог байлаа. Би ихэвчлэн лустай харьцахыг хүсдэг байсан. Лусыг аргадаж, эзэн савдагуудтай ярилцаж байхад тэд юу хийх ёстойг минь хэлээд өгдөг.

-Лус савдагуудтай ярилцдаг гэлээ. Ямар зүйлтэй хэрхэн ярилцдаг нь сонирхолтой байна?

-Би анх лустай харьцаж мэдрэхийн тулд долоо хоногийн 2-3 өдөр гол руу явдаг байлаа. Ингэж байж газар лус, хангайн савдагуудтайгаа ярилцаж  энерги хүч авдаг.Биднийг тойрон хүрээлж байгаа байгаль дэлхий, уул ус, ургамал мод бүхэн амьтай.

Жишээ нь, мод зүгээр ургамал мэт харагддаг ч маш хүчтэй хаадууд байдаг. Эдгээр юмстай яг л чи бид хоёр ярилцаж байгаа юм шиг дотоод дуу хоолой, бодлоор ярилцаж болдог.

Намайг могойтой ярилцаж байсан гэхээр зарим хүмүүсийн инээд нь хүрэх байх аа. Олон жилийн өмнө Архангай аймгийн Хайрхан суманд лусын тахилга хийж байх үеэр  анх удаа метр шахуу урттай могой ирээд намайг тойроод эргэлдэхэд би маш их айж байсан. Гэтэл могой маань миний хажуу талд байсан цэнхэр өнгийн торонд ороод цагираглаж байгаад удалгүй урд зүг рүү яваад өгсөн.

Тэгсэн эргээд хартал могой орсон цэнхэр уут хормын дотор алга болчихсон. Гэтэл засал хийлгэж байсан хүмүүс маань билэгшээгээд бүгд хуваагаад авчихсан байсан.

-Таны ярианд лус гэдэг үг их олон дурдагдлаа. Лус гэдэгт ганцхан гол ус мөрөн орох уу? Лус гэдгийг бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?

-Дээд тэнгэрийн доор доод газрын дээр ургамал амьтдын хаад болон газар ус лус савдгийн эзэд бүгд багтана.

Лус нь дотроо найман аймагтай. Хар цагаан хөх лус гэх мэт бий. Миний хувьд цагаан лусыг дагадаг. Намайг өдий болтол ивээж тэтгэж ирсэн. Энэ нь амьдрал дээр ч тэр зүүдэнд ч тэр харагддаг. Зүүдэнд бол үлгэрийн кинон дээр гардаг шиг том том могойнууд орж ирнэ. Шөнө унтуулдаггүй байсан үе ч зөндөө бий. Би тэр үед яагаад байгааг нь мэдэхгүй асуух хүнгүй болохоор өөрөө л бодож олохыг хичээдэг байсан.

-Бусад бөө нар тусгай хувцас хэрэглэл өмсөж, онгодоо биедээ оруулдаг. Харин та тусгай хувцас өмсөлгүйгээр засал ном зан үйлээ хийх юм. Яагаад тэр вэ?

-Миний хувьд зан үйл хийхдээ өмсгөл хувцасаар хуяглаад байдаггүй. Энгийн хувцастай л хийчихдэг. Хуяг хамгаалалттгүй байх тусмаа хүн мэдрэмжтэй болдог юм байна лээ. Заримдаа хүмүүс намайг хип хоп хувцастай, хүн үзээд бөөлөөд байна гэхээр гайхах тохиолдол зөндөө л бий.

-Тэгвэл бөөгийн өмсгөл ямар үүрэгтэй байдаг гэсэн үг вэ?

Бөөгийн өмсгөл нь ерөнхийдөө дээрээс бууж байгаа онгод тэнгэрээ хамгаалах үүрэгтэй. Тэгж онгодоо хамгаалахгүй бол муу ёрын албин чөтгөр, газар тэнгэрийн хий дайрах аюултай байдаг учраас өмсгөл өмсөх хэрэгтэй. Зарим хүмүүс энэхүү өмсгөлийг сүр оруулах гэж өмсдөг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Гэтэл үгүй юм аа.

-Танд бөөгийн өмсгөл бий юу? Ямар үед өмсдөг вэ?

-Анх сахиусаа авахдаа биеэ хамгаалахын тулд өмсгөл хуяг бэлдэж онгодоо буулгаж байсан. Онгодын хүчийг тогтоох хүртлээ хуяг хамгаалалттай буулт хийдэг байлаа. Харин сүүлийн зургаан жил өмсгөлөө өмсөлгүйгээр зан үйл засал номоо хийсээр ирсэн. Гарцаагүй том тахилга болох үед ном журмын дагуу өмсгөл хувцасаа иж бүрэн өмсдөг.

-Ярилцсанд баярлалаа.

/Үргэлжлэл бий/

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ