АСЕМ дахь Г.Ариунбаатарын тоглолтыг 51 улсын төр, засгийн удирдлагууд үзнэ
201810/DEYMV7IUIAEu2Eb.jpg

Монголын баритон хэмээн дэлхийд танигдсан  Ганбаатарын Ариунбаатар Бельги улсын Брюссель хотноо эхлээд буй  Ази-Европын дээд түвшний уулзалт АСЕМ-ын 12 дугаар чуулганд оролцогчдод зориулж тоглолт хийхээр эх орноосоо мордсон билээ. АСЕМ-ын 12 дугаар чуулганы улс төрийн хүрээн дэх уулзалт, ярианууд энэ сарын 18-19-ний өдрүүдэд болно.

Харин чуулга уулзалтын хүрээнд Брюссель хотноо энэ сарын 18-30-ны өдрүүдэд Соёлын фестиваль болох юм. Уг соёлын арга хэмжээний үндсэн зохион байгуулагч нь Европын холбоо бөгөөд Ази, Европын Хятад, Тайланд, БНСУ, Япон, Франц, Нидерланд зэрэг орны өндөр түвшний уран бүтээлчдийг урьж оролцуулж буйн нэгээр манай улсын дуучин Г.Ариунбаатар тодроод байна.

"Чингис  хаан" одонт,  Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар  “Мариинский”  театрын хөгжимчин Светлана Бережная нар сонгодог урлагийн гайхамшигтай  тоглолтыг  маргааш буюу аравдугаар сарын 19-ний өдөр АСЕМ-ийн зочдод толилуулах аж.

Г.Ариунбаатар уг үйл явдлын талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ  “Монголчуудын авьяас билэг, урлаг соёлыг дэлхий нийтэд таниулах ийм боломж гарч буй нь миний хувьд том үйл явдал. Тиймээс би догдлохын зэрэгцээ хариуцлага үүрч буйгаа ойлгож байна” гэжээ.

Дашрамд өгүүлэхэд,  “Европ ба Ази: “Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн дор болох АСЕМ-ын энэ удаагийн  Дээд түвшний уулзалтад 51 улсын төр, засгийн тэргүүн, удирдах түвшний хүмүүс оролцож буй. Уулзалтаар  тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-д оролцохоор өчигдөр /2018.10.17/ эх орноосоо мордсон билээ.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ