“Нинжин сэтгэл”-ийг зорьж үзэх ТАВАН ШАЛТГААН
201810/38.jpg

 “Хас урлан” студи, кино урлагийг дэмжигч “Blue Dragon”-ы хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн. Тус уран бүтээлийн зохиолч, найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан юм. Өмнө нь “Аюултай харилцаа”, “Ядуугийн зовлон-2”, “Галзуу зугаалга” зэрэг үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээлүүд найруулсан түүнийг энэ удаад ямар уран бүтээлээр бэлэг барихыг хүсэн хүлээсэн хүн олон байгаа нь мэдээж. Нэрт жүжигчин Ё.Цогийн хүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нийгэмд үгүйлэгдэж, үл үзэгдэх болсон “нинжин сэтгэл”-ээр нийгмээ сэргээж гэгээрүүлэхийг хүсчээ. Даяаршиж, цахимжиж буй энэ нийгэмд сэтгэл, тэр тусмаа нинжин сэтгэл биднээс алсарч байгаад сэтгэлээ чилээхгүй байхын аргагүй. Найруулагч нийгэмд үгүйлэгдэж буй энэ байдлыг уран бүтээлээр дамжуулан харуулахыг зорьсон байна.

Нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн тоогоор тэргүүлж эхэлсэн “Нинжин сэтгэл” киног заавал үзэх ТАВАН ШАЛТГААН юу болохыг сонирхоё.  

НЭГ:  С.ӨЛЗИЙХҮҮГИЙН ӨӨР ТӨРХ


  • Хошин урлагийн акулуудын нэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү уянгын драмын кинонд тэр тусмаа хань Ц.Хүсэлбаатарынхаа найруулсан кинонд анх удаа гол дүр бүтээжээ. “Нинжин сэтгэл”-ийн гол дүр жүжигчнээс ур чадвар төдийгүй дотоод сэтгэлийн илэрхийлэл шаардсан дүр. Эрхэм жүжигчин киноны хамгийн чухал дүрээр өөрийгөө сорьж, өөр өнцгөөс хандахыг чармайсан нь нүдээ олсон гэлтэй.   

ХОЁР: ДРАМЫН Г.ОТГОНЦЭЦЭГ ЭРГЭН ИРСЭН НЬ...


  • Чанга хатуу хойд эхийн дүрээр олонд танигдсан жүжигчин Г.Отгонцэцэг АНУ-д суралцахаар явснаасаа хойш анх удаа дэлгэцийн уран бүтээлд тогложээ. Кинонд тоглох олон саналаас хүлээж авсан нь "Нинжин сэтгэл" уран бүтээлийн дүр. Эсрэг дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчин бүсгүй уран бүтээлээсээ хэсэг холдсон ч цоо шинэ мэдрэмж, тэмүүлэлтэйгээр шинэ дүрээ бүтээсэн байв. АНУ-д найруулагчийн мэргэжлээр суралцаж байгаа жүжигчин Г.Отгонцэцэгийн ур чадвар, шинэлэг санаа кинонд тусгалаа олсон гэнэ. Тэрбээр өнгөрсөн зуны турш "Нинжин сэтгэл" киноны зураг авалтад оролцоод, АНУ руу буцжээ.

ГУРАВ: П.ШҮҮДЭРЦЭЦЭГИЙН ТЭСРЭЛТ


  • “Нинжин сэтгэл” киноны шигтгээ бол энэ цаг үеийн хамгийн эрэлттэй залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг. Тэр энэ удаад “Нинжин сэтгэл” киноны гол зангилаа болсон дүрийг гайхалтай амьдруулснаараа үзэгчдийн талархлыг хүлээжээ. Залуу жүжигчин шинэ дүрээрээ өөрийнхөө авьяастайг хүлээн зөвшөөрүүлээд зогсохгүй мэргэжлийн хүрээнийхнээс өндөр үнэлгээ авах хэмжээнд магтагдаж байна. 

ДӨРӨВ: Ц.АЛДАРМААГИЙН “АРАНШИН”


  • Гадаад төрх, гоо үзэсгэлэн, жүжигчний өвөрмөц онцлогоороо нэгэн цагт хошиг урлагийн тайзыг чимж явсан жүжигчин Ц.Алдармаа дэлгэцийн уран бүтээлд тун чадварлаг тогложээ. Эмэгтэй хүнд хэцүү даалгавар болох хоригдлын дүрийг анх удаа бүтээсэн нь түүний хувьд өөртөө хийсэн шинэ дэвшил байв. Хурц төрх, тайрмал үс, шивээс зэрэг нь кинонд бүтээсэн түүний дүрийг илүү тодотгожээ.

ТАВ:  АВЬЯАСЛАГ ДОЛООН БҮСГҮЙН НЭГДЭЛ


  • Монголын кино урлагт өөр өөрийн гэсэн төрх, характер, авьяас, хувь хүнийхээ мэдрэмж, гадаад төрхөөрөө гайхагдсан долоон бүсгүй анх удаа нэг дор дэлгэцийн уран бүтээлд тоглосон үнэхээр ховор тохиол.  Холливудын 2018 онд нээсэн OCEAN-8 кино шиг догь санагдахгүй байна гэж үү. Хамгийн гол нь тэд бүгдээрээ өмнө нь бүтээж байсан нийтлэг дүрүүдээсээ эрс тэрс өөр дүрийг "Нинжин сэтгэл"-д зориулан бүтээсэн болохоор цоо шинэ сэтгэгдэл төрүүлэхүйц сонирхолтой болжээ.

Д.Цэцэг

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ