А.Ганчимэг: Офелия бол гэнэн цайлган, цэвэр ариун охины дүр
201210/DSCF3740.JPG

Улсын драмын эрдмийн театр өвөл цагийн тоглолтын нээлтээ Алдарт зохиолч У.Шекспирийн "Гамлет" жүжгээр нээх гэж буй. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тавих тус жүжгийн Офелиягийн дүрд 10 эмэгтэй өрсөлдсөнөөс залуу жүжигчин А.Ганчимэг шалгарсан юм. Ингээд гэнэн цайлган Офелиягийн дүрийг бүтээх болсон драмын театрын залуу жүжигчин А.Ганчимэгтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Офелиягийн дүрд тоглох болсонд чинь баяр хүргэе.

-Баярлалаа.

-Улсын драмын эрдмийн театр өвөл цагийн тоглолтын нээлтээ Алдарт зохиолч У.Шекспирийн "Гамлет" жүжгээр нээх гэж байна. Офелиягийн дүрд хэчнээн эмэгтэй өрсөлдсөн бэ?

-Тиймээ. Шалгаруулалтад Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, Г.Отгонцэцэг, Т.Хулан мөн залуу жүжигчин Д.Ганцэцэг, Б.Одончимэг, М.Тогтохжаргал, Н.Баярмаа, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг, ХБНГУ-ын театр урлагийн сургууль төгссөн чөлөөт уран бүтээлч Г.Ариунболор нар оролцсон. Дүр шалгаруулалтын үзүүлэх тоглолт аравдугаар сарын 3-ны өдөр Драмын театрт болсон. Дүрийн шалгаруулалтад би 17 оноогоор ялж Офелиягийн дүрийг бүтээх албан ёсны эрхтэй болсон юм. Мөн шалгаруулалтаар нэг ялагч тодрох байсан ч шүүгчдийн саналаар Д.Ганцэцэг эгчийг Офелиягийн сэлгээ дүрд шалгаруулсан. Ингэснээр бид тус жүжгийн Офелиягийн дүрийг бүтээж тайзнаа ээлжлэн тоглох эрхтэй болсон.

-Таны бүтээсэн дүрд бусад оролцогчдынхоос ялгаатай нэг зүйл ажиглагдсан нь Офелия солиорсондоо төрж байгаа хэсэг. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Офелия бол гэнэн цайлган, цэвэр ариун охины дүр. Гэвч гадны бузар булай хүчин зүйлсийн нөлөөгөөр хэрхэн хохирогч болж байгааг Офелиягийн солиорч байгаа хэсэгт харуулдаг. Би түүнийг өөрийн биеэр төлөөлүүлэн үзүүлэхдээ Офелияг өөрийг нь цэцэг гэж бодсон. Тэр цэвэр ариун бие, гэнэн цайлган сэтгэлтэйгээ эхээс төрөөд цэцэг цэврүү шиг охин байсан юм. Гэвч гадны муу муухай бүхэнтэй эвлэрч чадалгүй солиорохдоо өөрийгөө төрж буйгаар төсөөлж, хүүхэлдэй төрүүлж буйгаар илэрхийлсэн.

-Сүүлийн үед залуу уран бүтээлчдийн хувьд дэлгэцийн урлагт хүч үзэх сонирхолтой болжээ. Өөрийн тань хувьд театрыг сонгож авсан нь их сонирхолтой санагдаж байна?

-Театрын урлаг, дэлгэцийн урлаг гэж ялгаж ойлгох аргагүй. Би ямар зүйлийг сонгоно тэр зүйлдээ сэтгэл гаргах хэрэгтэй байдаг. Түүнээс дэлгэцийн урлаг онцгүй юм, одоо театрын урлагт хүч үзье гэх зүйл огт байхгүй. Тууштай хөдөлмөрлөж байж л амжилтанд хүрдэг. Хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах болов уу. Театр гэдэг маань амьдралын тусгал ч гэж ахмадууд ярьдаг. Дэлгэцийн урлагийн хувьд давуу тал нь хальсанд бичигдэж үлдээд түүх болж үлддэгээрээ онцлог. Жишээ нь би хөгширчихөөд ээж нь, эмээ нь залуудаа ийм кинонд тоглож явлаа гэж үр хүүхэд, ач зээ нартаа ярьж тэд маань үзээд сууж байна шүү дээ.

-Тоглож байсан дүрүүдээс хамгийн хайртай дүр?

-Бүгд л бид нарын сэтгэл зүрх, хүч хөдөлмөр шингэсэн болохоор сайхан байдаг. Гэхдээ театрт ороод хамгийн анх авсан “Сарны цагаан цус” жүжгийн бага хатны дүр болон “Тэнгэрийн хүү” жүжгийн хатны дүрдээ маш их хайртай.

-Өөрийг тань ахмад жүжигчдээсээ нэлээд их суралцдаг гэж дуулсан. Өсөх ирээдүйтэй хэмээн ам сайтай байдаг юм билээ?

-Баярлалаа. Арван жилийн хүүхэд байхдаа л нэлээн олон дугуйланд хамрагдаж байсан маань бас нөлөөлсөн юм болов уу. Намайг жүжигчин болоход гэрийнхний маань нөлөө их бий л дээ. Тэр дундаа ээж маань их тус дэм болж байсан. Хүүхдийн ордны драмын дугуйланд хөтлөж авчирч оруулж байлаа. Миний үеийн хүүхдүүд нэлээн олон явдаг байсан юм. Бид хэд нийлж байгаад жүжиг тоглодог байсан. Үүнээс хойш драмын урлагт хайртай болсон доо. Тиймээс арван жилээ төгсөөд л эргэлт буцалтгүйгээр СУИС-д шалгалт өгч тэнцэж байлаа. Эргээд бодоход цаг хугацаа гэж харвасан сум шиг хурдан өнгөрч дээ.

-Бага насаа эргэн дурсвал?

-Хүүхэд нас минь хотод өнгөрсөн. Аав ээж хоёр маань эгч бид хоёрыг цэцэрлэгт явуулж байгаагүй. Өвөө маань бид хоёрыг хараад гэртээ өнждөг байсан юм. Сургуульд ороод дугуйлан секцэд хамрагддаг нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Хамгийн анхны дугуйлан маань “Хуучин цэрэг” нэртэй акробатын дугуйланд явдаг байсан. Мөн уран нугаралтын дамжаа, драмын дугуйланд хамрагдаж байлаа. Эргээд бодоход хүүхэд ахуй цагаа хий дэмий өнгөрүүлээгүй юм шиг санагддаг /Инээв/.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүлд урлагийн хүмүүс байдаггүй ээ. Гэхдээ гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмждэг. Намайг өдий зэрэгт хүргэж өгсөн ээж аав хоёртоо хайртай шүү гэж хэлмээр байна. Бас өвөө маань миний итгэлтэй дэмжигч минь юм уу даа. Баяр ёслолоор хамаатан садангууд цуглахаар намайг үргэлж магтаж байдаг. Тэгэхээр туслагч, бас фэн минь юм /инээв/. Сургуулиа төгсөөд драмын театрт орсон нь их хувь тавилан юм болов уу. Босго өндөртэй хүссэн хүн бүр ордог газар биш шүү дээ. Ямар ч уран бүтээл хамтынх байдаг. Тэгэхээр гэртээ оройтож ирэх ч үе бишгүй л гарна шүү дээ.

-Өөрийг тань түүхэн сэдэвтэй дүрд тоглохыг хүсдэг гэж сонсож байсан. “Тэнгэрийн хүү” түүхэн сэдэвтэй бүтээлд тоглосноор хүслээ биелүүлсэн гэж ойлгож болох уу?

-Монголчууд бидний ганц бахархдаг зүйл маань түүх минь шүү дээ. Түүхээрээ бахархаж, ийм удам судартай юм шүү хэмээн бардамнаж омогших нь зүйн хэрэг. Миний хувьд ч гэлтгүй бусад жүжигчдийн ч мөрөөдөл байдаг болов уу. Жүжигчин хүн гэдэг бүх л дүрд хувирах чадвартай байх хэрэгтэй. Түүхэн жүжигт тоглохын тулд судалгаа хийх шаардлагатай. Өөрөө түүхээ мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Драмын театрт ороод удаагүй "Тэнгэрийн хүү”, “Сарны цагаан цус” нэртэй олон сайхан түүхэн жүжигт дүр бүтээсэн.

-Хэрвээ жүжигчин мэргэжлийг сонгоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бэ?

-Хэрвээ би жүжигчин болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан. СУИС-д шалгалт өгөөд тэнцэхгүй байсан бол МУИС-д шалгалт өгье гэж бодож байсан. Ингээд анхны бодож байсан сургуульдаа шалгалт өгөөд тэнцсэн учраас мэргэжилдээ үнэнч байхаар шийдсэн дээ. Жүжигчин болсондоо маш их баяртай байдаг.

-Таны бодлоор “хайр” гэж юу вэ. Хайрлах хардах хоёр хамт оршдог гэдэгтэй санал нийлдэг үү?

-Хайрыг хүн болгон л өөрийнхөөрөө тайлбарладаг. Зарим нь тасалгааны цэцэг ч гэсэн байдаг. Миний хувьд хайр гэдэг бол хүнээс гарч болох хамгийн сайхан, хамгийн нандин мэдрэмж. Хайртай бол хартай гэдэг. Хардахаасаа илүү тэр хүнийг харамлах нь илүү аятайхан санагддаг. Жишээлбэл, миний хайртай залуу намайг бусдаас харамлавал хайртай гэснийх нь илэрхийлэл байх гэж бодож байна. Тэгэхгүй учир зүггүй л чи би, тэглээ ингэлээ гээд л байвал үнэхээр хэцүү. Гэхдээ ерөнхийдөө бол байх л ёстой зүйл. Огт байхгүй бол тэр чинь хайргүйн шинж. Хардалт дэндэхээрээ өвчин болоод тэр нь өөрийг нь болон хайртай хүнийг нь стресстүүлээд сүүлдээ бие биенээ ч ойлгохгүй, бий болгосон амьдрал, хайр дурлал нь сүйддэг. Тийм учраас дозыг нь яг алтан дунджаар бариад, хэтрүүлэхгүй л байх ёстой юм болов уу.

-Хүн бүхэн математикч болох албагүй, гагцхүү эцэг эх болно гэдэг шүү дээ. Ямар ээж болохыг хүсдэг вэ?

 -Би ямар ч байсан гурав юмуу дөрвөн хүүхэдтэй болно гэж боддог. Гэхдээ юмыг яаж мэдэхэв яаж ч магадгүй л дээ. Мэдээж эмэгтэй хүн бүр сайн ээж болохыг хүсдэг. Би ч гэсэн яг тийм болохыг мөрөөддөг. Тэгээд хамгийн гол нь эмэгтэй хүний хамгийн сайхан зүйл нь өөрөөсөө үрээ төрүүлээд өсгөж бойжуулах. Би ч гэсэн удахгүй ээж болох байх. Сайн ээж л болохыг хүсч байна. Тэрнээс өөр ямар ээж болохыг хүсэхэв дээ (инээв).

-Таны хувьд аз жаргал гэж чухам юу юм вэ?

-Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай гэсэн үг байдаг шүү дээ. Байнга жаргаад л инээгээд яваад байна гэж юу байхав. “Өглөө ажил руугаа орой гэр лүүгээ яардаг хүн хамгийн аз жаргалтай” гэдэг. Хүн өөрийнхөө хүссэн мэргэжлээрээ амжилттай ажиллаад, гэр бүл, найз нөхөдтэйгөө байхад өөрт сэтгэл хангалуун, мөн юунд ч санаа зоволгүй байх нь миний хувьд аз жаргал гэж бодож байна. Гэхдээ хүн ямар ч юмнаас кайф авч болно. Хааяа найзуудтайгаа уулзаад юм ярин суух үнэхээр сайхан. Стресс тайлагдаад л инээлдээд суух ч аз жаргал.

-Ярилцсанд баярлалаа. Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Баярлалаа. Хүн болгон өөрийн гэсэн тэмүүлэл зорилготой байдаг. Хамгийн гол нь тэрэндээ зүтгэж, дайран ирэх саад тотгорыг даван туулж чадвал юм бүхэн бүтдэг гэж би боддог. Тийм учраас залуучууд хэн нэгэнд муу саналгүй сайхан энергитэй байгаасай. Бид чинь юмыг болох байлгүй дээ гэсэн бодолтой сайхан ард түмэн. Ард түмэн маань ямар нэгэн зүйлд санаа зоволгүйгээр ачааны хүндийг үүрэхгүйгээр сайхан амьдрах байх гэдэгт би итгэдэг.

Ч.БАТЦЭЦЭГ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ